Saturday, November 30, 2013

Бууд

Сүүл бичиж байснаа үргэлжлүүлэх өдөр өнөөдөр тул товч хэдэн зүйл бичьюү гэж бодлоо.

Бидний анх хэвлэлтээс ирж байгаа цомгийн нэр НҮҮДЭЛ. Зарим хүмүүс биднийг шүүмжилдэг л дээ. Гадаад нэртэй юм байж юун эх орон яриад юун соёл зан заншил яриад байгаа юм гэж. Хүн бүр өөрийн гэсэн туршлага, амьдралын үзэлтэй байдаг билээ. Хүн бүрийн туулж өнгөрүүлсэн зам, туулж өнгөрүүлэх жим өөр бөгөөд харах өнцөг өөр. Аяганы тал усыг тал дүүрэн ч гэж хэлж болно, дундуур ч гэж хэлж болно. Яг л үүн шиг юм.

Клик клик бүүм гэж буунаас гарах авиа, Гэвч үүний цаад утгыг өгүүлбэл Цэнэглэ, цэнэглэ тэгээд бууд. Юуг цэнэглэх юм гэж гайхаж байна уу? Мэдээж ТАРХИ -аа цэнэглэх хэрэгтэй.

Чи өнөөдөр энэ МОНГОЛ гэдэг тусгаар тогтносон улсын эрх чөлөөт иргэн. Чиний энэ газар шороон дээр, хөх тэнгэрийн дор төрсний учир, өчүүхэн хариу тус гэвэл Чи өөрийгөө олоод, өөрийнхөө чаддаг зүйлийг л сайн хийх юм. Чиний уусан ус, амьсгалсан агаар, чамд эрдэм заасан багшийн, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрүүлсэн найзын, хатуу үг хэлсэн ч цаанаа хайрлах аавын, шөнө олон сэрж хөхүүлсэн ээжийн хариу тус гэвэл чи өөрийнхөө авсан бүгдийг арай ахиухан болгоод л хариу өгөх юм. Үүний тулд л тархиа цэнэглэх хэрэгтэй юм дүү минь.

Юу нь зөв юу нь буруу вэ гэдгийг ялгаж салгаж чаддаг ирээдүй бидэнд хэрэгтэй байна. Тэрнээс биш Солонгос хамтлагийн хөдөлсөн үйлдэл, гаргасан авиаг дуурайгчин сармагчин хэрэггүй. Хүний хийсэн аян дээр, хүний хэлсэн санаан дээр ажилладаг бэлэн хоол иддэг празит өт хэрэггүй. Нөлөөллөөс дээгүүрт гэж өөрөө хэлсэн ч улс төрийн сонгуулийн нөлөөлөл дор байгаа  хэдэн залуусын санал авах гэсэн жүжигчин хэрэггүй. Чиний хүсэж байгаа оргил, чиний хүрэх гэж байгаа мөрөөдлийг халхлах мөнгөний сүүдэр бидэнд хэрэггүй. Үүний тулд л тархиа цэнэглэх хэрэгтэй юм дүү минь, үе чацуутан минь бас ах нар минь.

Тархиа цэнэглэ, цэнэглэ тэгээд бууд.

Thursday, May 9, 2013

Казиног номхтгох

Амьдрал бол казино. Казино бол амьдрал. Амьдрал өөрөө мөрийтэй тоглоом аж. Зориг, ухаан, тэвчээр, зөн билэг бүгдийг цогцлоож байж хожил чинийх болно. 500 доллартай хүн түүнийгээ 10 20-р тавих, 200, 300 -р тавих асар их ялгаатай гэж. Зоригтой хүнийг хожил дагана. Зорилготой хүнийг амжилт дагана.

Өдөрт зарлах хуудас тарааж олох 50 доллар, түүнээ амьдралдаа хэрхэн хүргэх, хоол унд, байрны мөнгө, хүүхдийн дэвтэр харандаа үзэг баллуур. Өчүүхэн үнэ бүхий зүйлийг сонсоод л эрүүнд нь хүртэл үрчлээ суух. Өдөр бүр ажиллах. Зорилготой юм шиг боловч зорилгогүй амьдрал. Өнөөдөртөө хүрэлцэх хэдэн төгрөг л олох гэж зүтгээд л байна зүтгээд л байна. Гэвч цаашдын амьдралаа төсөөлөхөд түнэр харанхуй нөмрөх мэт болно.

Зохиолчын хэлсэнчлэн: Зорилгогүй хүмүүс зөндөө олон ажээ. Тэд амьдралын урсгалд нэгэн салан дээр овооролдон урсгал даган хөвөрч байхад зорилготой нэг нь моторт завин дээр суугаад урсгал сөрвөл сөрөөд, уруудвал уруудаад хүссэн зүгтээ хүрэх аж. Түүнд тухайн хүний хувь төөрөг нь арван алтан халбага зууж төрсөн байна уу, ганц модон халбага зууж төрсөн байна уу гэдэг нь урд насны буян заяа, энэ насны хичээл зүтгэлээс хамаарах юмсанж.

Зохиолчын зүүд энэ зохиолын үйл явдлыг хөтөлж тайлал болох аж. Хэчнээн барууны нийгэмд амьдраад байгаа мэт боловч сүнсэн бие нь эх нутагтаа төрөлх орондоо суунам. Гээд өчүүхэн оршлыг төсгөе. Ер нь нэг уншаад өнгөрөх ном биш бололтой.

Зохиолчийн блог дахь бичлэг

ЖИЧ: Өнөө цагт яригддаг олон асуудлуудын талаар ч дурьдах биш гарцыг нь хэлж өгсөн сайхан ном санагдлаа. Уншсан хүн анзаарах байх аа.

Tuesday, April 23, 2013

Сүүлийн үед 2

Хүмүүс технологиос хэт хамааралтай болсоор байгаа билээ. Блогийн эриний хүч суларч, микроблог, сошиал сайтууд хүчээ авсан үе байна. Үүний дараа юуны эрин ирэхийг хэлж мэдэхгүй юм. Гэвч хүн гэдэг амьтан хуучнаа санагалздаг гээд хааяа энэ муу ганц уншигчтай (Тэр нь би өөрөө юм) блогтоо бичлэг оруулюу гэж бодлоо.

CCB -н гишүүний хуьд шинэ цомог гарах гэж байгааг (өөртөө) дуулгахад таатай байнам.
Бидний анх танилцаж, нэгдэж байсан үе аль хэдийн дурсамж болсон байна. Юуны төлөө бид нэгдсэн, юуны төлөө энэ бүгдийг хийсэн билээ гэж бодох үе бас байна. (Үнэндээ бол миний хийсэн зүйл тун бага).

Бид хэн нэгэн улс төрчийг магтаж энэ хүнийг сонго гэж дуулж байсангүй. Зарим хүмүүсийг ТӨЛӨӨ гээд дуулж байхад БИТГИЙ УУЧЛААРАЙ гэж дуулж байсан. Зарим хүмүүсийн БӨӨН БАЯР, гэснээ шал эсрэгээр ХОНХНЫ ДУУ дуулж байхад бид МОНГОЛЫН ТҮҮХ дуулж байсан. Зарим хүмүүсийг АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ хамт дуу дуулж байхад бид ЭМГЭНЭЛ дуулж байсан. Гээд ярьвал олон жишээ байна.

Саяхан нэгэн хипхоп хамтлаг Улаанбаатартаа үнэтэй цэнгээний газар зангиа&хослол гэдэг тоглолт хийсэн байсан. Улам бүр холдон байгаа нийгмийн ялгааны сүүдэр бидний амьдрал, хэвшил, харьцаа, урлагт хүртэл туссаар байна.


Юу хэлэх гээд тойруулаад байна вэ гэвэл бид хувцас хунар, машин тэрэг, гял цал зүйлсийг дуулдаггүй.Бид үзэл санаа, бодит байдлыг дуулдаг. Дуулдаг ч гэж дээ үглэдэг. Үгэн шанаа өгдөг. Тэр шанааг зөвөөр тусгаж авдаг хүмүүс хэд байдгийг хэлж мэдэхгүй юм. Байгаа бол бидний нэгдэн нийлсний хэрэг тэр биз ээ.  Гээд хэрэв бидний хийж байгаа зүйлийг хэлбэр гэж ойлгодог хүмүүс байгаа бол биднийг сонсдоггүй юм байна, биднийг зүгээр л хардаг юм байна гэж хэлмээр байна.


Анх нэгдсэнээс хойш бидний үнэт зүйл өөрчлөгдсөнгүй. Яг л хэвээрээ. Нас нэмж, амьдралыг үзэх үзэл өөрчлөгдөж, олон олон зүйлсийг шинээр таньж мэдэж, зарим зүйлсийг хаяж гээж байгаа ч бидний үнэт зүйл өөрчлөгдөөгүй хэвээр байна.

Тэр юу вэ гэж үү?

Бидний 2 дахь албан ёсны цомог, 1 дэх хэвлэлтэнд явах цомогноос тэр юу вэ гэдгийг сонсож, мэдрээрэй л гэж хэлье дээ.