Tuesday, April 23, 2013

Сүүлийн үед 2

Хүмүүс технологиос хэт хамааралтай болсоор байгаа билээ. Блогийн эриний хүч суларч, микроблог, сошиал сайтууд хүчээ авсан үе байна. Үүний дараа юуны эрин ирэхийг хэлж мэдэхгүй юм. Гэвч хүн гэдэг амьтан хуучнаа санагалздаг гээд хааяа энэ муу ганц уншигчтай (Тэр нь би өөрөө юм) блогтоо бичлэг оруулюу гэж бодлоо.

CCB -н гишүүний хуьд шинэ цомог гарах гэж байгааг (өөртөө) дуулгахад таатай байнам.
Бидний анх танилцаж, нэгдэж байсан үе аль хэдийн дурсамж болсон байна. Юуны төлөө бид нэгдсэн, юуны төлөө энэ бүгдийг хийсэн билээ гэж бодох үе бас байна. (Үнэндээ бол миний хийсэн зүйл тун бага).

Бид хэн нэгэн улс төрчийг магтаж энэ хүнийг сонго гэж дуулж байсангүй. Зарим хүмүүсийг ТӨЛӨӨ гээд дуулж байхад БИТГИЙ УУЧЛААРАЙ гэж дуулж байсан. Зарим хүмүүсийн БӨӨН БАЯР, гэснээ шал эсрэгээр ХОНХНЫ ДУУ дуулж байхад бид МОНГОЛЫН ТҮҮХ дуулж байсан. Зарим хүмүүсийг АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ хамт дуу дуулж байхад бид ЭМГЭНЭЛ дуулж байсан. Гээд ярьвал олон жишээ байна.

Саяхан нэгэн хипхоп хамтлаг Улаанбаатартаа үнэтэй цэнгээний газар зангиа&хослол гэдэг тоглолт хийсэн байсан. Улам бүр холдон байгаа нийгмийн ялгааны сүүдэр бидний амьдрал, хэвшил, харьцаа, урлагт хүртэл туссаар байна.


Юу хэлэх гээд тойруулаад байна вэ гэвэл бид хувцас хунар, машин тэрэг, гял цал зүйлсийг дуулдаггүй.Бид үзэл санаа, бодит байдлыг дуулдаг. Дуулдаг ч гэж дээ үглэдэг. Үгэн шанаа өгдөг. Тэр шанааг зөвөөр тусгаж авдаг хүмүүс хэд байдгийг хэлж мэдэхгүй юм. Байгаа бол бидний нэгдэн нийлсний хэрэг тэр биз ээ.  Гээд хэрэв бидний хийж байгаа зүйлийг хэлбэр гэж ойлгодог хүмүүс байгаа бол биднийг сонсдоггүй юм байна, биднийг зүгээр л хардаг юм байна гэж хэлмээр байна.


Анх нэгдсэнээс хойш бидний үнэт зүйл өөрчлөгдсөнгүй. Яг л хэвээрээ. Нас нэмж, амьдралыг үзэх үзэл өөрчлөгдөж, олон олон зүйлсийг шинээр таньж мэдэж, зарим зүйлсийг хаяж гээж байгаа ч бидний үнэт зүйл өөрчлөгдөөгүй хэвээр байна.

Тэр юу вэ гэж үү?

Бидний 2 дахь албан ёсны цомог, 1 дэх хэвлэлтэнд явах цомогноос тэр юу вэ гэдгийг сонсож, мэдрээрэй л гэж хэлье дээ.