Tuesday, June 24, 2008
Хүнээ бай ?
Үүрдээс хагацахгүй...
Үнэнийг батлая гэвч
Үзэхээс хэтрэхгүй
... тэд мэдрэхгүй
Хүний зовлон шүгэлсэн
Хүн чанаргүй нүгэлтэн би
Хүчтэй нь хүчгүйгээ хэмээх
Хуулийн дор үхэлдэнэ бид
Үүсэл хаанаас
Үргэлжлэл тэндээс
Үйлийн үр эзнээс
Шалтгаалах нь биднээс
Чулуун зүрхтийн цус
Газарт нэвч нэг дус
Эрлэгт хүрэхийн тус
Энхрийлэх нь диваажин бус.
..............................................
Эхлэл төгсгөл
..................................Параллел шулууны огтлолцол
Хорвоогийн тоос
..................................Хэрэгтэй хэрэггүйн солбицол
Алгаа тосно
..................................Төрөх өдрөө хүлээсээр
Оргүй хоосон
..................................Амьдрал сайхан гэв.
Friday, June 20, 2008
хэнийг юуг
-Үнэмшил дундаас нь олдохгүй, сурталчилгааны “шуурганд” өртөх үед өөрийн уламжлалт язгуур таних үнэлгээндээ шадарлаж, хэрсүү, хянамгайн “дах” нөмөрч, ирээдүй, хөгжил, хувь заяатайгаа “уруудахгүй” байхыг хичээх,
-Ханаж цадахын туйл үгүй, улангасан дурласан хүн буюу өөрийнхөө чадахгүй, мэдэхгүй байгаа хүнд тал өгөхгүй байх,
-Өнөө маргаашийг дүүргэх төдий өглөгт алгаа дэлгэхгүй байх,
-Уяан дээр жиргэх “алтан гургалдайн дуунд” уярч гэрийнхээ хойморт нулимс унагахгүй байх,
-Өрөөлийг муу хэлж, өөрийгөө магтсан хүнийг “босго” давуулахгүй байх,
-Хийх гэж байгаа амлагаанд нь бус, хийж ирсэн ажил, сэтгэл, зүтгэлд нь үнэлэмж өгөх,
-Олон “үзэл бодолд” орж гарч, бэлчээрийг сорчилж сүүл шарваж “таргалсан мал”-д хэвтэр өгөхгүй байх,
-Өөрөөр бодож байгаа царай дэвсэж, үг үүдэж язгууртаа бусдын алдааны завсраар шургаж, мансууруулах явган сэтгэлгээний эрэмдэг сэхээтнүүдийг төрд бүү хавьтуул.
-Гэмийнхээ зэмийг амсаагүй, хувь арга залиар буюу хуйвалдаж аргацаасан, буруу зөвийг ч ялгах тэнхээгүй хуучин түшмэдүүдийн үл төгсөх шунал хүслийг таслах,
-Туршлагатай хүн гэдэг нь болгоомжлолд баглаатай дороо зогсч байгаа хүнийг хэлдэг. Тэд алдар ашгийнхаа хэвийг хадгалж зогсч л байх хүмүүс… Ийм хүмүүс дэлхийн орчил хурданд гологддог.
-Бурууг хийсэн буюу Монголын төлөө, ард түмний төлөө юу ч хийгээгүй атлаа ард түмнээсээ ичих айхаа мартсан төрийн түшээ байвал хуульдаа яллагддаггүй юм бол ард түмэндээ яллагдах учиртайг санах,
-Эвийн тангараг няцаж, нөхдөөсөө урвасан, хэлэх ярих хийх нь өдрийн өнгөөр хувирсан хүнтэй аян жинд ханьсдаггүй монгол заншлаа санах,
-Оюуны орондоо “өмч” ядуу, мулгуу хүнд төрийн хазаар цулбуурыг барилвал улсын “хийморийн хүлэг” хадуурах уршигтай,
-Их дурласан хүн төр түшилцэж чаддаггүйг нотод санах,
-Ярьсан гоё-хийсэн муу хоёроос сэжиг үүдэн холдох,
-Дээдлэх хууль бүтээсэн атал доодлон сахиж, өөрсдөөсөө эхлэн элрүүлэн хүмүүст аврал үгүй хандах,
-Ариун бусыг нууж дарагдуулан хуйвалдан шамшиж үзэх нүд, сонсох чихийг басамжилж хүн ардыг доромжилж амь амьдралыг доройтулах нь төгс гэм болохыг мэдрэх,
-Ярьж хуурч, үйл бүтээдэггүй, далимд өөрийгөө болгоож, бүхнээс дээгүүрт олз ашгийг эрхэмлэгч хүнийг гурван цагт үл хүндлэх,
-Уул ус, удам ургийн бүрэн бүтэн, улс орны хувь заяаг даалцах итгэл хүлээсэн хүмүүн, үүрэг зорилгоосоо өөр ёс бусыг эрхэмлэх эрхгүй гэдгийг чинад бодох.
Б.Лхагвасүрэн
Tuesday, June 10, 2008
Монгол
Энэ кинон дээр гардаг зарим үйл явдал нь надад арай ч ... гэмээр бодол төрүүлснийг нуух юун. Маххх гэж хэлдэг, шүдээрээ зулгааж иддэг гэхчилэн. Надад бол доромж мэт санагдсан.
Учир мэдэх хүмүүс үнэн мөнийг тогтооно биз.
Мэдээ.МН дээр сэтгэгдэл үлдээсэн хүмүүс янз янзын л дүгнэлт гаргасан байна билээ. Гэвч харамсалтай нь тэр дотор Нууц товчоонд Чингис хааны тухай 10 орчим жил байдаггүй гэдгийг нэг л хүн бичсэн байсан. Саяхан би оросын эрдэмтэн Гумилевийн Хар домог хэмээх номыг уншсан юм. Тэр номонд Чингис хааныг Жамухтай хийсэн тулааны дараа харь оронд олзлогдсон гэж бичсэн байна билээ. Зүрчидийн нэгэн жанжны бичиж үлдээсэн гэгдэх зүйл (ном, эсвэл ямар нэгэн зүйл) эх сурвалж нь болж байгаа гэнэ.
Бид өөрсдийгөө мэднэ гэдэг ч үнэндээ сайн мэддэггүй. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа гэж бид ярьдаг. Чухамдаа ойд төрсөн сармагчин лугаа байсныг ойд төөрсөн гэж гуйвуулсан шиг бидний уншдаг түүх, мэддэг гэх түүх үнэн үү ? Хэн нэгний санаатай болоод санамсаргүй алдаанаас болж (Энэ кино шиг)Бидний түүх, өнгөрсөн үе хожим хойчид, шинэ үеийнхэнд бас муруй тахир, гуйвсан байдалтай хүрэх алдаанаас сэргийлэхийн төлөө бид юу хийж чадах билээ?