Saturday, February 25, 2012

Амайгийн Гайхамшигт ертөнц

Цагаан сараар амралтын өдөр олон тохиолдож ном унших өлзий бүрэлдсэн тул уншаагүй байсан номоо барьж авав. Урьд өмнө нь ганц нэг өгүүллийг нь уншиж байснаас бүтнээр уншиж байгаагүй билээ.
Дутуу дулимаг мэдээлэл дээр аливаа зүйлсийг дүгнэх нь том алдаа байдаг. Би өмнө нь Транс, бийтбокс, элдэв паарти, тэгээд мэдээж аялал Амай гэдэг хүнийг тодорхойлох тодорхойлолт болоход хангалттай гэж бодож байсан нь мөн алдаа байж.
Энэ номыг уншаад Кольюгийн Алхимич санаанд орж, санаандаа харьцуулалт хийснийгээ нуух юун.
Нуршилгүйгээр санаанд тод үлдсэн байгаа санааг сийрүүлбэл:

1. Хүн гэж хүн юм. Нэгэн дэлхий дээр амьд үлдэхийн төлөө хоол тэжээл, агаар ус, орон байрны төлөө тэмцэх хар, шар, цагаан бид ялгаагүй хүн.

2. Аливаа учрал хувь бүхэн хүнээс өөрөөс хамаарах атал, хүнд зөн совин, өмнө хийсэн үйл эргээд нөлөөлдөгийг эртний нүүдэлчдийн ухаан ажиж мэдсэн байнам.

3. Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг буюу айдас үгүй болох нь түүнийг мэдэх мэдрэх,түүнд соргог байх, дасах явц.

4. Бид кино жүжиг, утга зохиол, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээ сэлтээс хорвоо ертөнцийн байр байдал, үйлдлийг танин мэдэх байтал хүн өөрөө өөрийгөө сонсож, өөрөө өөртэйгээ ярьдаг нь хэд билээ. Өөрийгөө таньсан нь хэд билээ. Өөрийгөө таньж байж бусдыг таних.

5. Өвөг дээдсийн үлдээсэн өв, ухаан, соёлыг хир хэмжээндээ хүндэтгэн холбоотой аливаа номс буюу хууч байвал сонсохыг эрмэлзэгч над мэт нэгэн юм байна гэдгийг танив. Бид хэдий харийн соёлын нөлөө, даяаршил мэт соёлын мананд төөрч байгаа ч эцэг өвгөдийн үлдээсэн хосгүй баян өв сантай тулдаа тэр мананд өөрийгөө алдалгүй, өөрийнхөө онцлогийг авч үлдэж байгаа билээ.

6. Монгол улс дотроо хэн байгаад, гаднаасаа хэн байх нь биднээс шалтгаална. Хэрэв хамхуул адил хийсээд байвал үнэ хүндгүй болох нь мэдээж юм. Улс харилцаа талаасаа.

7. Хөгжлийн нууцийг амьдралын идэвхи гэж тодорхойлсон байна.

Дээрхээс гадна энэ номонд хүн хүндээ хандах хандлага, харьцаа цаашлаад нийгэм, эдийн засаг, соёлын асуудлууд тавигдсан байх юм. Хэр чинээндээ ойлгоход шүү дээ.
Энэ олон улсуудаар зовж явсны, тэгээд тэмдэглэл хөтөлж бидэнд өгөх гээд байгаа санааг ойлгохдоо харь орны алдаа оноон дээрээс өөрсдийн сайн муу болох болохгүйг танин мэдүүлэх хүсэл, хаашаа бид явах вэ? явахдаа юуг авч явах, юуг үлдээх вэ гэдгийг таниулах хүслэн байсан гэж ойлгоном.
Дараагийн ботийг уншаад илүү ихийг ойлгох бизээ.