Wednesday, August 13, 2008

Доктор Л.Түдэвийн долоон үг

Нэг.Үндэстнээ үрэгдүүлэхгүйн үүрэг

1.Үндэстэн бүхэн өөрөө өөрийгөө хамгаалах үүрэгтэй. Үл тоомсорловол үгүй болох жамтай. Үндэстнээ өөр үндэстнээр хамгаалуулах санаа агуулдаг бол тэр нь үндэстний зэрэгт хүрээгүйн шинж! Ердөө л “манцуйтай” хүүхэд гэсэн үг. Дэлхийн гурван өнгө, таван зүсмийн хүн олны зонхилох хэсгийн төлөөлөгч “Монголжуу” / монголоид/ гэгдсэн монгол үндэстэн бид мандах, буурахын давалгаан дундуур туучиж, түүхийн ихбуухиагулаачилсаар, “даяар Монголын ариун голомтоо” сахисаар өнөөг хүрлээ. Үндэстнүүдийг сөгтгөж байсан цаг ч бий. Харин одоо үндэстнээ өмөөрөх цаг нүүрлэжээ. “Max, ясны тасархай” гэгдсэн хэсэг маань “үндэсний цөөнх” гэгдээд их айлуудын баруун, зүүн хаяанд толгой хоргодон суусаар буйг мэдэхийн хувьд өөрсдөө бас нэг л мэдэхэд “үндэсний цөөнх” нэр зүүчихгүйн тулд “даяаршиж” байгаа энэ ертөнцөд” дороо суурьтай, дотроо бодолтой” явах цаг хэдийнэ болжээ.
2.Үндэстнийг үгүйрүүлэх /геноцид/ зорилгоор буу зэвсэг агсаад хилийг нь зөрцөөд цэргийн хүчээр түрэмхийлэн халдах хоцрогдсон аргыг өнөөдөр хэн ч хэрэглэх боломжгүй болгохын төлөө Нэгдсэн Үндэстний Байгууллага ажиллаж буй! Гэвч үүнд тайвширч, амгалан дүр эсгэж суугаа үндэстнүүдийг өөр хооронд нь хямралдуулах, гаднаас нь биш дотроос нь тамирдуулах “мөлхөө” түрэмхийлэл улам нарийн, улам хөнөөлтэй хэлбэрт шилжиж байгаа нь Африк тив, Персийн буланд болж буй хэрэг явдлуудаас илэрч байгаа ажээ. Үндэстнийг өөрөөр нь үгүй болгох, өөрт нь уусгах, өвчнөөр дуусгах, хүнсэнд хордуулах, угсааг таслах гэхчилэн башир мөртлөө “гэмгүй царайлсан “муу санаагаар урт удаан хугацаанд аажмаар сөнөөх бодлого өнөө үед хамгийн их гүйлгээтэй болчихоод байна. Үндэстэн өөрөө өөртөө уусч үгүй болсон хэрэг явдлаар хүн төрөлхтний түүх ядуу биш. “Цагтаа цалгиж” явсан олон тооны үндэстэн өнөө үед түүхэн дурсамж төдий үлдэцтэйгээр алга болчихсоныг түүх гэрчилнэ. Тэглээ гээд хэн ч “хариуцлага” хүлээхгүй тул үгүй бологчийн “хохь” гэхээс өөр үг олоогүй мэт! Үндэстнийг өөрөөр нь үгүй хийх зэвсэг бол юуны түрүүнд архидуулах, тэгээд “архиралцуулах” /эв эегүй болгох/ улмаар “алалцуулах” адаг сүүлд нь амиа хорлоцгооход хүргэх хорон санаа юм. Архи багадвал хар тамхи, мансууруулах бодисоор хачирлана. Үүнд бид нэгэнт автагджээ. Сүүлийн арван таван жилд хүн амын “зүй бусын хорогдол” эрс нэмэгдсэнд олон шалтгаан байгаагийн зөвхөн нэгийг буюу архидан согтуурахыг дурдахад архины “галзуугаар” 2002 онд, шинэ зуун эхэлсний дараах жилд 1700 хүн архичны гарт амь үрэгдэж, 6300 хүн гэмтэж бэртсэн бол хойтон жил нь 1933 хүн амиа алдаж, 6250 хүн гэмтэж бэртсэн ийм тоо жил бүр нэмэгдэж гурван жилийн дараа /2006 онд/ 2979 хүн егүүтгэгдэж өмнөх жилээсээ 11 хувиар нэмэгдсэн нь нийт дүнгээрээ энэ хэдхэн жилд 6000 шахам иргэн гэмгүй явж байгаад амиа алдаж, хориод мянган хүн гэмтэж бэртсэн нь хүн амын тэртэй тэргүй цөөрч буй нэг жилийн хүүхэд төрөлтийн бараг тал хувьтай нь тэнцэхээр их гарз юм. Ирак дахь дайны хөлд хоёр талаасаа алдсан амьд хүчний хохиролоос сүүлийн 18 жилд Монгол улс дайнгүй атлаа дажин дэгдээж иргэдээ хохироосон тоогоор хэдэнтээ даваад гарчихсан ажээ. Гэтэл үндэстэнг ухаан, мэдрэл, үр үндсээр нь доройтуулах хөнөөлтэй архины үйлдвэрүүдийг улам олшруулаад, сайшаагаад шагнаад байдаг төртэй тул бас эрх мэдэлтэнгүүд нь түүнээс хожоо олдог болохоор манайх аажмаар “амиа хорлосоор” л байна.
З.Үндэстэн өөрөө өөртөө уусна гэдэг бол төрөлт багасч, өсөлт буурч, залуусаа хөгшид нь тоогоор давамгайлж үндэстэн аандаа “хөгшрөхийн” нэр юм. Хүн амын 60-70 хувь нь гучин таваас доош насны хүүхэд, залуус байсан Монгол улс хэдхэн жилийн дотор 60-аас дээш насныхан хүн амын 70 хувь болох хандлагатай явж байна. Урт насалдаг болсных биш, харин үр хүүхэд, залуучууд нь цөөрснийх юм. Үүний нэг гол шалтгаан нь сүүлийн 15 жилд /1990-2005/ 253667 эхчүүд олсон үрээ хэвлийдээ өөрсдийн хүслээр хөнөөлгөсөн үр хөндөлт бас жил бүр 30-аад мянгаар төрөлт буурч бараг хагас сая хүнээр хохирол үзсэн явдал юм. Нөгөөтэйгүүр автын болон үйлдвэрийн ослоор хүүхэд залуучууд цаг бусаар өдөрт 7, жилд 2600 гарнаараа амь алддаг болоод байна. Эдгээрийг тооцвол мөн л зүрх алдмаар тоо гарна. /Зөвхөн 2006 оноор үзэхэд л 1147 хүн золгүй явдлаар амиа алдаж, 181 хүн амиа хорлосон/, энэ бол дундаж тоо / өөр нэг шалтгаан гэвэл яг гэр бүлээ зохиож, үр хүүхдээ өсгөдөг насны залуучууд /ихэнх нь эрэгтэйчүүд/ голдуу эдийн засгийн цагаачлалаар гадагшаа жил бүр олноороо /ганц Солонгост гэхэд л нэг жил 15 мянгуулаа явахаар хөл хөөрцөг болж байх жишээтэй/ гарцгаадаг болсноос ар гэрт нь настайчууд бас тэднийгээ асрахаар ихэвчлэнг бүсгүйчүүд хоцордог учир үндэстэн өөртөө живэхээр хөл алдах болсныг нэг шинж юм.
4. “Өөртөө уусах”, “өөрт нь уусгах” гэдэг бодлого бол шинэ юм биш. Хэдэн зууны чанад ч хэрэглэж байсан зүйл. Өмнөд хөршид маань бол бүр эртний уламжлал. Манж нар яалаа? Монголд одоо 300-500 мянган хятад иргэд /аялал жуулчлал, бизнес, цагаачлал, туулайчлал зэрэг хэлбэрээр/ ороод суучихсан байгаагийн 94 хувь нь цэргийн наснаас дээших эрчүүд ажээ. Уул нь Тадаадын иргэдийн эрх зүйн байдлын хууль” ёсоор бол цагаач иргэд хүн амын нэг хувиас хэтрэхгүй байх, түүний дотор нэг улсын иргэн 0,33 хувь байх заалттай ч түүнийг мөрдөхөө болиод уджээ. Гэтэл ойрын 25-30 жилийн дотор манай хүн амын 75 хувь нь насны эрхээр нөгөө ертөнцөд буцна. Монголоо, уламжлалаа бага мэддэг, бас дархлаажилт султай 25 хувь нь үлдэнэ. Гэтэл одоо цэргийн насны залуусын маань 20 хувь нь гадаадад байж, харь оронд, тэдний соёл иргэншилд хоолшиж байдаг!
5. “Угжаар уусгах” сэдэг бас нэгэн “бодлогын” золиос болж буйгаа бид бүхэн ердөө ч ухаарахыг хүсэхгүй байх шиг? Нялх хүүхэд шиг, бүхэл бүтэн үндэстнээрээ “угжуулахад” хүрнэ гэж байх уу? Монголчууд өнөөдөр хүснийхээ хэрэгцээт зүйлийг 70-90 хүртэл хувийг гадаадаас, ихэвчлэн урд хөршөөс авч идэж, уудаг боллоо. Дөч гаруй сая малтай, хааш хаашаа мянган метр талбайд хоёрхон хүн ноогдохоор уудам газар нутагтай атлаа сүү цагаан идээгээ базааж чаддаггүй, тариа тариад гурилаа өөрөө бэлтгээд авахаас төвөгшөөдөгөөс сүүг байтугай ус ундааг ч гаднаас зөөж хүүхэд, хөгшдөө “угждаг” болжээ. Хүнсээ базаах бодлогогүй төр, засагтай нөхцөлд “хүний хүнсээр эзлэгдэх нь “алга урвуулахын төдий болох буй заа.
6.Сүүлийн хэдхэн жилд манай 1570 хүүхэн дэлхийн 46 орны бэр болж ардын зүйр үгэнд гардгаар “харьд очсон бэр, хаданд харавсан сум хоёр адил” болов оо! Тэгтэл тэдэнтэй зөрөөд гэрлэх насны эрчүүл манайд орж ирэх нь улам олширсоор 17353 гаднын “хоноц” Монголд сууж байгаагийн дөнгөж 6,2 хувь нь эмэгтэйчүүд бусад нь харцуул ажээ. Тэдэнд нийслэлийн бараг гудамж бүрт голчлон шөнийн цагаар ажилладаг гуанз, саун, буудал орогнох орон нь болоод зогсохгүй үйлчлэх бүсгүйчүүдийг ч “үнэлэн” олгодог нь ил болсон зүйл. Тэдний нэг хэсэг нь гэрлэж, нэлээд нь “эрлийз” хүүхдийн эцэг болж бас нэг хэсэг нь “дох”, “дэнфу” /тэмбүү/ түгээгүүрийн эзэд болдог. Шинэ зууны босгоор манайд 159 мянга 745 хүн орж ирсэн бол сүүлийн жилүүдэд энэ тоо эрс өсөхөөр барахгүй нэг cap, гурван cap, түүнээс дээш хугацаагаар суух зөвшөөрөл авдаг ажээ. Сараас дээш хугацаагаар суугаа хүмүүс хаана явааг нь мэдэхэд бэрх тул хяналт алддаг гээд л бодчих! Тэр ч байтугай гадаадаас хөрөнгө оруулалттай гэгдсэн 61 оны 1500-гаад аж ахуйн нэгж, бүртгэгдсэний 200-гаад нь оруулсан хөрөнгөгүй зүгээр л цаасан дээр бичигдсэн байжээ.
7. Үндэстэн өөрөө өөрийгөө хамгаалах үүргээ ийнхүү сул тавьж байхад “Үндэстний аюулгүй байдлын зөвлөл”, үндэстний нэр барьсан намууд, хөдөлгөөнүүд юу бодож суудаг юм бол? Монголыг зөвхөн нөөц газар нутаг гэж бодож тооцож байдгаа лавшруулж, манийгаа дордоод ирэхийн цагт аятайхан томъёолсон далбаан дор ивээлдээ авах /түрээслэх, түр эзэмших, хамтарсан үйлдвэр уурхай байгуулах, хотхон бий болгох гэхчилэн/ эсвэл шууд харьяалалдаа аваад биднийгээ хамжлага болгох хувилбараа нүд ирмэх зуур гүйцэлдүүлэх хүчин гарч мэдэх вий! Үндсэн хуулиас чухал “Үндсээ хамгаалах хууль” боловсруулж иргэн бүртээ “сахиус” болгон зүүж өгүүштэй байна.

http://www.sonin.mn/2008/06/13/3492/

No comments: